Гэр доторх агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн дайсан
НЭМҮТ-ийн Дотоод орчны агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдуламтай хийсэн цөөн хормын ярилцлагад анхаарлаа хандуулна уу.
Дотоод орчны агаарын бохирдол ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
ДЭМБ-аас дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг ба нийт өвчлөлийн 2,7 хувь нь дотоод орчны агаарын бохирдолоос үүдэлтэй байгааг тогтоосон.
Судалгаануудаар дотоод орчны агаарын бохирдол нь гадаад орчноосоо 2-5 дахин илүү эрсдэлтэй гэж гарсан.
Олон улсын хавдрын агентлагаас 2013 онд агаарын бохирдол нь хавдар үүсгэдэг болохыг зарласан. Агаарын бохирдлыг бууруулснаар амьсгал, зүрх судас, уушгины хавдрыг бууруулах бүрэн боломжтой.
Монгол улсад дотоод орчны агаарын чанарын асуудлаар судалгаанууд хийгдэж байгаа. 2016 онд манай хүрээлэнгээс сургуулиудын дотоод орчинд тоосонцрын хэмжээг хэмжиж үзсэн. Үүнд Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн сургуулиудын PM 2.5 тоосонцрын агууламжийг судлахад Хан-Уул дүүргийн сургуулиудад хамгийн бага, Чингэлтэй дүүргийн сургуулиудад хамгийн их буюу стандартад заасан хэмжээнээс 3,1 – 10,05 дахин өндөр байна.
PM 2.5 тоосонцор нь ургийн өсөлтийг бууруулдагийг дэлхийн улс орнуудад судлан тогтоосон. Өөрөөр хэлбэл ургийн жинд нөлөөлж байгаа юм. Үүнийг батлахаар Улаанбаатар хотын орон сууцанд оршин суудаг 534 эмэгтэйг санамсаргүйгээр сонгон авч тал хувьд нь жирэмсний хугацаанд агаар цэвэршүүлэгчийг ашиглахад дотоод орчны PM 2.5 тоосонцрын агууламжийг 25%-аар бууруулсан байна. Жирэмсний явцад агаар цэвэршүүлэгч хэрэглэж PM 2.5 тоосонцрын агууламжийг багасгаснаар нярайн жин 80 граммаар их, өндөр 0,4 см-ээр урт байсан байна.
Агаарын бохирдолд архаг хууч өвчтэй, зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг. Ялангуяа хүүхдийн уушги бүрэн ургаж гүйцээгүй байдаг тул агаарын хорт бодист илүү өртөх магадлалтай. Хүүхдийн амьсгал насанд хүрэгчдээс илүү богино, давтамж их, хамраараа амьсгалахаас илүү амаар амьсгал авах нь элбэг байдаг учраас дотоод, гадаад орчны агаарын чанар шууд нөлөөтэй. Цаашилбал жирэмсэн ээж дутуу төрөх, төрөлхийн гажиг, бага жинтэй төрөлт, үргүйдэлд ч хүргэх аюултай.
Дотоод орчны агаараа цэвэршүүлэхгүй, агаар сэлгэлт хийхгүй, хуурай бохир агаартай байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Тухайн орон байрт аль төрлийн агаар бохирдуулагч илүү байгаагаас шалтгаалаад өөр өөр. Дотоод орчны агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй, зохистой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын түвшинд сөрөг үр нөлөөтэй. Агаар дуслын замаар халдварт өвчин дамжих, суралцах чадвар, ажлын бүтээмж буурах, гэр сургууль орчны барилга, тоног төхөөрөмж муудах гэх мэт олон сөрөг талтай. Агаарын бохирдолд хүүхэд илүү өртөмтгий байдаг. Хүүхэд биеийн жинтэйгээ харьцуулахад харьцангуй их агаараар амьсгалдаг учраас бохирдуулагчдын сөрөг нөлөөнд насанд хүрсэн хүнээс илүү өртөнө. Иймээс гэр сургуулийн дотоод агаарын чанарт анхаарах хэрэгтэй.
Хүмүүсийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар буюу гэрийн дотоод агаарт бохирдол үүсгэдэг зүйлсийг хэлж өгөөч?
Гал тогооны өрөө гэхэд аяга таваг шингэн угаагч, унталгын өрөөний хувьд цагаан эрвээхэй, оронд хачиг болон амьтны үс зэрэг биологийн бохирдуулагч агууллагддаг бол ариун цэвэрийн өрөөнд чийг, хөгц, мөөгөнцөр, үсний будаг, хумсны будаг арилгагч, комет, угаалгын нунтаг, зочны өрөөнд ил гал түлэх, тамхи татах, хивс тоос их татдаг учраас бохирдуулдаг. Нэг жишээ хэлэхэд хими цэвэрлэгээнд өгсөн хувцаснаас 10 гаруй төрлийн химийн хорт бодис ялгарч агаарыг бохирдуулж байдаг.
Тэгвэл гэр, ажил, сургууль доторх агаараа яаж цэвэршүүлж, бохирдолгүй байлгах вэ?
Дээр дурдсан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, тавилга, хоол хүнсээ сонгохдоо аль болох байгалийн гаралтай, элдэв химийн бодисгүй бүтээгдэхүүн сонгох, өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, гэртээ тамхи татахгүй байх, тасалгааны ургамал тарих, гэр байшингийн дулаалгыг сайжрлуулах, түүхий нүүрс хэрэглэхгүй байх, цэвэр түлшний хэрэглээг дэмжих, АЧИ/агаарын чанарын индекс/ -ийн мэдээг өдөр тутам тогтмол ашиглаж бохирдол багатай цагуудад агаар сэлгэлтийг өдөрт 4-5 удаа хийх, гадуур явахдаа шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх, өглөө орой бохирдол ихтэй цагуудад гадаад орчинд ажил, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, биеийн дархлааг дэмжих зэргийг хэвшил болгох хэрэгтэй.
Мөн агаар чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөе. Монгол орны агаар хуурай, дотоод орчны агаарын харьцангуй чийгшил нь 30-60 хувьтай байх ёстой байтал хэмжилт хийгээд үзэхэд 30 хүрдэггүй. Тиймээс темпратур, чийгшил хэмжигч авч тавиад хэмжилтээ хараад чийгшүүлж байх хэрэгтэй. Бас чийгшил нь 60 хувиас илүү байвал мөөгөнцөр үүсэх аюултайг санаарай. Машины хувьд өөрөө PM 2.5 тоосонцрыг шүүдэг HEPA шүүлтүүртэй байдаг учраас шүүгчээ тогтмол солиод хяналтандаа ороод явахад болно.
Орон байрандаа барилгын засвар хийхэд маш их хурц үнэр гарч, агаар бохирддог. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?
Барилгын материалын чанарт манайд стандарт байдаггүй. Ялангуяа орж ирж байгаа будагнуудад ямар ч хяналт байхгүй. Хар тугалгатай байх ч эрсдэлтэй. Манай хүрээлэнгээс саяхан нэг туршилт хийсэн. Хэдийгээр тодорхой үр дүн гаргаагүй боловч шинээр ашиглалтанд ороод будалт хийгдсэн цэцэрлэгт хэмжилт хийгээд, 7-10 хоногийн дараа дахин хэмжилт хийхэд агаарын бохирдол нь өмнөхөөсөө буурсан байсан. Тиймээс засвар хийгээд шууд тэр дороо орохгүй, тодорхой хугацаанд агаар сэлгэлт хийж бохирдол буурсны дараа байрандаа орох хэрэгтэй. Бас нэг анхааруулах зүйл нь орон сууцнуудад агааржуулалтын хоолой байдаг. Тэрийгээ ерөөсөө цэвэрлэдэггүй. Хэчнээн агааржуулалтын хоолой байсан ч цэвэрлэхгүй удахаар ямар ч үр дүнгүй. Тиймээс торыг нь аваад угааж, цэвэрлэж байх хэрэгтэй.
Эх сурвалж: Тусгал мэргэжлийн цахим сонин